Eznis Airways, Mongolian Airline with flights to/from/in Mongolia

Languages

  • English
  • Mongolian
» Асуулт хариултууд

Асуулт хариултууд

А1: Захиалгаа хэрхэн өгөх вэ?
Х1: Үйлчлүүлэгч та манай Тийз борлуулалтын төв болон орон нутгийн салбарууд дээр очиж эсвэл манай тийз захиалгын 976-75753232 утсанд холбогдон захиалгаа өгч болно. 

А2: Суудлаа хэрхэн баталгаажуулах вэ?
Х2: Та захиалсан тийзээ манай салбар дээр өөрийн биеэр очиж эсвэл төлөөний хүнээр дамжуулан худалдан авснаар захиалга тань баталгаажна. Таны тийзийг хүчин төгөлдөр иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт үндэслэн олгоно.

А3: Төлбөрөө хэрхэн хийх вэ?
Х3: Та тийзнийхээ төлбөрийг бэлнээр, картаар мөн шилжүүлгээр төлөх боломжтой.
Та өөрийн Худалдаа Хөгжлийн Банк, ХААН Банк, Голомт Банкны мастер болон виза карт мөн Американ Экспресс картуудаар тооцоо хийх боломжтой.
Банкны шилжүүлгээр төлбөрөө төлж байгаа тохиолдолд тийз борлуулалтын ажилтнуудаас болон факсаар нэхэмжлэлийг хүлээн авч болно. Нэхэмжлэл дээр бичигдсэн дансны мэдээллийн дагуу төлбөрийг шилжүүлэн, төлбөрийн баримтын эх хувийг өөрийн биеэр эсвэл төлөөний хүнээр дамжуулан тийз захиалгын хүчингэй хугацаандаа багтаан Тийз борлуулалтын төв дээр авч ирж нислэгийн тийзээ аваарай.

А4: Нислэгээ хэрхэн өөрчлөх/цуцлах вэ?
Х4: Нислэгийн өөрчлөлтийг суудлыг боломжийг харгалзан хийх бөгөөд таны худалдан авсан тийзний нөхцлийн дагуу нислэг өөрчлөлтийн/цуцлалтын төлбөр төлөгдөх тохиолдолд та худалдан авсан тийзээ, хүчин төгөлдөр бичиг баримтын хамт манай Тийз борлуулалтын төв дээр авч ирэн нислэгээ өөрчлөх/цуцлах боломжтой. 

А5: Би найзынхаа тийзний буцаалтыг хийлгэх гэсэн юм. Төлөөний хүнээр дамжуулан буцаалт хийлгэж болдог уу?
Х5: Та тийз эзэмшигчийн болон өөрийн бичиг баримтыг тийзний хамт манай Тийз борлуулалтын төвд аваачиж буцаалтыг хийлгэж болно.
А6: Тийзний хүчинтэй хугацааны талаарх мэдээлэл өгнө үү.
Х6: Тийзний хүчинтэй хугацаа нь таны худалдаж авсан тийзний нөхцлөөс хамаарах ба тийз бичигдсэн өдрөөс эхлэн тоологдоно. Та дэлгэрэнгүй мэдээллийг манай 976-75753232 утаснаас авна уу.

Суудлын хязгаарлалт

А1: Танай компани суудал байхгүй дууссан гэж хэлсэн хэрнээ тэр нислэгт нь зөндөө олон хоосон суудал явдаг энэ ямар учиртай вэ?
Х1: Хэдийгээр манай агаарын хөлөг 74-78 суудалтай боловч цаг агаар (температур, салхины хурд, чийгшил), нисэх зурвасын онцлог (хатуу хучилттай, шороон, урт болон богино), аэродромын өндөрлөг, нислэгт шаардлагатай түлшний хэмжээ, нислэгийн чиглэлийн замын урт зэрэг олон хүчин зүйлсээс хамааран нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс хөөрөх үеийн жингийн хязгаарлалтууд хийгддэг онцлогтой. Агаарын хөлгийн зарим суудал хоосон нисэх тохиолдол ажиглагддаг нь  дээр дурьдсан шалтгаануудтай холбоотой юм.

А2: Танай зуны зарим нислэг яагаад ийм өглөө эрт үүрээр нисдэг юм бэ?
Х2: Бид нэг нислэгээр тээвэрлэх зорчигчдын тоог нэмэгдүүлэхийн тулд нислэгийг өглөө эрт цаг агаар сэрүүн байх үед үйлдэх шаардлагатай болдог. Өглөө сэрүүн үед нисэх нь аль ч чиглэлийн хувьд нэг удаагийн нислэгт илүү олон зорчигч тээвэрлэж болох ач холбогдолтой юм. Үүнээс шалтгаалан манай нислэгийн хөөрөх цаг нислэгийн хуваарьт эрт байхаар тусгагдсан нь  нэг талаас нислэгийн аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьж байгаа, нөгөө талаас онгоцны даацыг нэмэгдүүлж буй  гэдгийг ойлгоно гэдэгт итгэж байна.

Үнэ тарифийн нөхцөл

А1: Танай компани яагаад ийм олон төрлийн тийзний үнэтэй байдаг юм бэ?
Х1: Изинис Эйрвэйз компани нь дэлхийн олон улс оронд түгээмэл ашиглагддаг тийзний нөхцлөөс хамаарсан олон шатлалт үнэ тарифийн тогтолцоог орон нутгийн агаарын тээврийн үйлчилгээнд анх удаа нэвтрүүлэн ажилладаг билээ. Эдгээр үнэ тарифууд нь үнэгүй авч явах тээшний хэмжээ, тийз захиалгын хүчинтэй хугацаа, нислэг өөрчлөлт болон буцаалт хийх хураамжийн хэмжээ зэргээрээ ялгаатай тийзний олон сонголтуудыг зорчигч үйлчлүүлэгчиддээ санал болгодог.

Тийзний үнэ, татвар хураамж

А1: Нярайн тарифаар хэд хүртэлх насны хүүхэд зорчих вэ?
Х1: 2 нас хүрээгүй нярай хүүхэд (0-23 сартай) нь амь даатгалын төлбөрийг төлснөөр зорчих боломжтой. Амь даатгалын хэмжээ нь нислэгийн чиглэлээс хамаараад харилцан адилгүй байна. Та нярайн тийз авахдаа манай Тийз борлуулалтын төвд хүүхдийн гэрчилгээний эх хувийг авч ирсэнээр тийз бичүүлэх боломжтой.

А2: Нислэгийн өдрөө 2 нас хүрэх хүүхдийн тийзийг нярайн тарифаар бичүүлэх боломжтой юу?

Х2: Нярайн тийзийг олгохдоо тийз бичүүлж байгаа өдрөөр тооцдог. Өөрөөр хэлбэл нислэгийн өдрөө 2 нас хүрэх хүүхдийн тийзийг нярайн тарифаар тийзийг авах  боломжгүй.

А3: Хүүхэд ямар тарифаар зорчих вэ?
 
Х3: 2-12 хүртэлх насны хүүхэд тухайн нислэгийн боломжит том хүний тарифийн 50%-ийг төлснөөр зорчих боломжтой. Та хүүхдийн тийз авахдаа манай Тийз борлуулалтын төвд хүүхдийнхээ төрсний гэрчилгээний эх хувийг авч ирсэнээр тийзээ бичүүлэх боломжтой.    

А4: Би хүүхдээ дагалдах хүнгүй ганцааранг нь явуулах гэсэн юм. Ямар нэг нэмэлт хураамж төлөх хэрэгтэй юу? Хэдэн настай хүүхэд ганцаараа явж болох вэ?

Х4: 0-4 насны хүүхэд ганцаараа зорчих боломжгүй бөгөөд заавал асрах хамгаалагчтой зорчино. Харин орон нутгийн нислэгт 5-11 настай хүүхэд агаарын хөлгийн үйлчлэгчийн анхаарал халамж дор бие даан “ганцаараа” зорчих тохиолдолд хүүхдийн тариф дээр дагалдагчгүй хүүхдийн үйлчилгээний хураамж болох 20,000 төгрөгийг нэмж төлснөөр зорчих боломжтой. Тухайн хүүхэд дагалдагчгүй ганцаараа явах тохиолдолд эцэг эхийн зүгээс хүүхдийг ганцаараа явахыг зөвшөөрч, нотариатаар баталгаажуулсан зөвшөөрлийн хуудсыг бүрдүүлэх шаардлагатай.    

Хэрвээ нэг гэр бүлийн хүүхдүүд хамт явах бол хүүхдийн тооноос хамааруулаад дагалдагчгүй хүүхдийн нэмэлт хураамж харилцан адилгүй байна. Үүнд:
•    Эхний хүүхэд 20,000 төгрөг
•    Хоёр дахь хүүхэд 17,500 төгрөг
•    Гурав дахь хүүхэд 15,000 төгрөг 

А5: Хэвтрийн өвчтөний тусгай тариф гэж байдаг уу? 
 
Х5: Зорчигч нь нислэгийн үргэлжлэх хугацааны туршид хэвтэж явах шаардлагатай тохиолдолд хэвтрийн өвчтөний тарифийн төлбөрийг төлснөөр зорчих боломжтой. Хэвтэрийн өвчтөний тариф нь нислэгийн чиглэлээсээ хамаараад харилцан адилгүй бөгөөд та 976-75753232 лавлах утаснаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Мөн тухайн зорчигч нь нислэгийн туршид асран халамжлах дагалдагчтай зорчих шаардлагатай болохыг анхаарна уу.

А6: Тийзний үндсэн үнэд ямар ямар татвар хураамж багтсан байдаг вэ? Үүн дээр нэмж төлөгдөх татвар хураамжийн талаарх мэдээлийг өгнө үү.

Х6: Тийзний үндсэн үнэ дээр дараах нэмэлт хураамжууд нэмэгдэнэ. Үүнд:
•    НӨАТ
•    Зорчигчийн даатгал
•    Түлшний хураамж
•    Нисэх буудлын хураамж

А7:  Хүүхдээ өөр хүнд дайж өгч явуулж болох уу? Энэ тохиолдолд ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ?
Х7: Хүүхэд өөрийн эцэг эхээс өөр хүнтэй хамт зорчих бол дараах бичих баримтыг заавал бүрдүүлнэ. Үүнд: Эцэг эхийн зүгээс хүүхдээ тухайн хүнд өгч явуулахыг зөвшөөрч нотариатаар баталгаажуулсан итгэмжлэл, хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон дагалдан авч явах хүний иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт. Энэхүү итгэмжлэл хуудас нь Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын, Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны 2009 оны 09-р сарын 21-ны 1/615 тогтоолоор гаргасан санамж бичиг бөгөөд насанд хүрээгүй хүүхэд эцэг эхээсээ өөр хүнтэй зорчих тохиолдолд энэхүү итгэмжлэл хуудсыг заавал бүрдүүлэх шаардлагатай.

А8: 12-16 хүртэлх насны хүүхэд ганцаараа зорчиж болох уу?
Х8: Хэдийгээр 12-16 насны хүүхэд том хүний зардлаар зорчих боловч ганцаараа явах тохиолдолд эцэг эхийн зүгээс хүүхдийг ганцаараа явахыг зөвшөөрч, нотариатаар баталгаажуулсан зөвшөөрлийн хуудсыг бүрдүүлэх шаардлагатай.